Хүний хөгжлийн Есөн хүслийн
ЭБЭХЭ ГЭР БОЛОВСРОЛ
Дэлхийн олон улс боловсролын шинэчлэлээ зөвхөн мэдлэг дамжуулах бус, хүний хөгжлийг бүхэлд нь дэмжих тогтолцоо болгон өөрчлөхийг зорьж байна. Энэ чиг хандлага нь хүний танин мэдэхүйгээс гадна сэтгэл зүй, үнэт зүйл, ёс суртахуун, хамтын амьдралын чадвар, иргэний хариуцлага зэрэг цогц хөгжлийг боловсролын үндсэн зорилго гэж үзэх болсон юм.
Монголчууд хүнийг төлөвшүүлэх ухааныг үеэс үед уламжлуулж ирсэн бөгөөд хүний амьдралын хүсэл, зорилго, харилцаа, гэр бүл, үр хүүхэд, нийхэм, төртэй холбогдох хөгжлийг цогцоор нь авч үзэж байжээ. Энэхүү уламжлал нь есөн хүслийн ухаанаар дамжин олон зууны турш ардын ёс заншил, сургаал, ерөөл, хүмүүжлийн арга барил, гэр бүлийн соёлд хадгалагдан ирсэн байдаг.
Бид Монголын уламжлалт гэрийн хүмүүжлийг эргэн харж, хүнийг хөгжүүлэх гэр бүлийн уламжлалт мэргэн ухааныг орчин үеийн боловсролын шинжлэх ухаан, хүүхэд-гэр бүлийн хөгжлийн онолтой уялдуулан XXI зууны цахим технологитой холбож, орчин үеийн гэр бүлд хэрэгжих боломжтой “Хүний хөгжлийн есөн хүслийн Эбэхэ гэр боловсрол”-ын тогтолцоо болгох оролдлогыг эхлүүлж байна.
Гэр боловсрол нь гэр бүлийн орчинд, эцэг эх болон эмээ, өвөөгийн шууд оролцоотойгоор, амьдралын бодит үйл ажиллагаа, харилцаа, үлгэр дуурайллаар дамжуулан хүүхдийн бие, сэтгэл, оюун, ёс суртахуун, ур чадварыг хөгжүүлэх насан туршийн боловсролын үйл явц юм.
Хүний хөгжлийн есөн хүслийн ЭБЭХЭ ГЭР БОЛОВСРОЛ нь хүүхэд бүр өөрийгөө танин хөгжүүлэх (БИ), бусадтай хамтран аз жаргалтай амьдрах (БИД), эх орон, нийхэм, хүн төрөлхтний өмнө хариуцлагатай иргэн болон төлөвших (ТӨР) хөгжлийн замыг дэмжих боловсролын үзэл баримтлал бөгөөд БИ – БИД – ТӨР гэсэн гурван түвшинд хүний хөгжлийн орон зайг тодорхойлно.
Хүний хөгжлийн зам
Хүний хөгжил нь БИ → БИД → ТӨР гэсэн харилцан уялдаатай хөгжлийн орон зайгаар тэлнэ. Энэ нь нэг түвшнээс нөгөөд шилжих шатлал биш, харин БИ-гээ хөгжүүлсэн хүн БИД-ийг бүтээж, БИД-ийг хөгжүүлсэн хүн ТӨР-ийг бэхжүүлдэг харилцан нөхцөлдөх хөгжлийн тогтолцоо юм.

Бүх хөгжлийн суурь. Өөрийгөө зөв хөгжүүлэхээс хүний цогц хөгжил эхэлнэ.
Өөрийн хөгжлийг бусадтайгаа холбон, анд нөхөд, гэр бүл, хамтын амьдралд тэлнэ.
Хувь хүний хөгжил нийгэм, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан тэлнэ.
